Тархины судасны цүлхэнг эмчлэх хагалгааг 12 хүнд хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-08-23 14:17:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Гуравдугаар төв эмнэлгийн тархины судасны ангиографийн оношилгоо эмчилгээний баг тархины артерийн судсанд үүссэн том болон олон цүлхэнтэй хүнд хэлбэрийн эмгэгийг цусны урсгал өөрчлөгч суулгагч (имплант) тавьж эмнэх мэс заслыг 12 хүнд амжилттай хийжээ. 


Мэс заслын үед болон дараа нь хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна.

Тус хагалгааг ХБНГУ-ын “Katharinenhospital Stuttgart” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Ханс Хэнкс болон ОХУ-ын В.А.Алмазовын нэрэмжит Анагаах ухааны үндэсний судалгааны төвийн тархины судсан дотуурх мэс заслын зөвлөх, профессор А.Е.Петров нартай хамтран 2019 онд 3 дахь удаагаа хийжээ.

Дээрх хүнд хэлбэрийн тохиолдолд тавьж суулгасан нийт 308 сая орчим төгрөгийн өртөг бүхий цүлхэнгийн цусны урсгал өөрчлөгч суулгацыг ХБНГУ болон ОХУ-ын зочин профессорын хамтарсан баг хандивласан төдийгүй мэс заслыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэжээ.

Олон улсад нэр хүнд бүхий профессор Ханс Хэнкс, А.Е.Петров нарын өндөр түвшний мэргэшсэн эмч мэргэжилтнүүд тус эмнэлгийн удирдлагатай уулзалт хийх үеэрээ Монгол Улсад тархины судсан дотуурх мэс заслын үндэсний чадварлаг багтай хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид Герман, ОХУ, Монгол Улсын гурван талт хамтын ажиллагааг эмнэлзүйн болон сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилж, төлөвлөсөн ажлыг ойрын хугацаанаас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.



Холбоотой мэдээ