Сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжив.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д уламжилжээ. Уг тогтоолын төсөлд энэ онд явуулах ээлжит сонгуулиудыг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс товлон зарлахаар тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны дарга А.Бакей тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж, тогтоолын төслийг батлах санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжив.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд эдгээр сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоохоор тусгажээ.
Сонгуулийн тухай хууль нь энэ оны улсын төсвийн тухай хуулийн дараа батлагдсан учраас сонгууль зохион байгуулахтай холбогдсон зарим байгууллагуудын хуульд заасан зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргах боломжтойг УИХ-ын гишүүн С.Баярцогт хэлж байв.
Иймээс сонгууль зохион байгуулахтай холбогдуулж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын чиг үүрэгт хамааралтай хуульд заасан зардлыг нарийвчлан тооцож Засгийн газрын нөөцөөс гаргах чиглэлийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөхөөр тогтож, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоох тухай тогтоолын төслийг дэмжлээ.