АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДОХА. /Reuters/. Афганистаны мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар АНУ болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд хийж буй хэлэлцээний ес дэх үе шат Катарын Доха хотноо пүрэв гарагт эхэлжээ.
Уг хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад тэргүүлж байгаа аж. Тэрбээр хэлэлцээ дууссаны дараа үр дүнгийнх нь талаар Афганистаны эрх баригчдад мэдээлэхээр Кабулд очих бөгөөд дараа нь Афганистаны дайныг эцэс болгох тухай тунхаглалыг боловсруулах ажлаа дуусгана” гэж Америкийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ удаагийн хэлэлцээгээр хилийн чанадад халдлага үйлдэхэд Афганистаны нутаг дэвсгэрийг гадаадын босогчдод ашиглуулахгүй байх баталгааг талибуудын зүгээс гаргуулах, АНУ болон НАТО-гийн цэргүүдийг Афганистанаас бүрмөсөн гаргах, Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх, гал зогсоох гэсэн дөрвөн гол асуудлыг хэлэлцэнэ.
АНУ болон талибуудын хооронд хийж буй хэлэлцээний наймдугаар үе шат Доха хотод энэ сарын 3-12-нд болжээ.