Их Британийн телевиз В.Путиний тухай баримтат кино бүтээнэ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-22 15:18:24

МОСКВА. /TASS/. Их Британийн телевизийн дөрөвдүгээр суваг /Channel 4/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай гурван ангит баримтат кино бүтээхээр болсноо мэдэгджээ. Дэлгэцнээ хэдийд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа баримтат цувралыг “Путин: Орос тагнуулчийн түүх” гэж нэрлэсэн байна.


“Өдгөө дэлхийд болж байгаа үйл явдлуудыг ойлгохын тулд Владимир Путинийг ойлгох хэрэгтэй. Тэрбээр түүхэнд XXI зууны хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг болж үлдэх чадвартай гэдгээ харуулж чадсан. Кинондоо бид тагнуулч асан улс төрийг хэрхэн өөрчилж, дэлхийд энэ нь хэрхэн нөлөөлснийг гаргахыг хичээнэ” гэж уг киноны гүйцэтгэх продюсер Жеймс Роган ярьжээ.


Баримтат киноны зургийг ОХУ, АНУ, Их Британи болон Европын зарим улсад авах аж. Кинонд Путиний залуу нас, ЗХУ-ын КГБ буюу Улсын аюулгүй байдлын хороонд ажиллаж байсан үеийг, мөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар төрийн эрхэнд байсан 20 жилийг харуулна гэж дөрөвдүгээр сувгийнхан мэдээлсэн байна. Уг киног бүтээгчид В.Путиний хувийн туршлага, ялангуяа түүний тагнуулч байхдаа олж авсан мэдлэг чадвар нь Оросын төрийн бодлогод хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьж байгаа аж. Киноны танилцуулгад В.Путинийг “Орос улсыг дахин их гүрэн болгох зорилго тавьсан Ерөнхийлөгч, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, Их Британийн дөрвөн Ерөнхий сайдтай хамтран ажилласан төрийн тэргүүн, “магадгүй тухайн үеийн хамгийн нөлөө бүхий улстөрч” гэж нэрлэжээ.


В.Путиний тухай баримтат цуврал киног Эртний Ром, Альберт Эйнштейн болон 1983 онд дэлхийг цөмийн дайнаас аварсан Зөвлөлтийн офицер Станислав Петровын тухай баримтат кино бүтээж байсан Ник Грин найруулахаар болсон байна.


 

Холбоотой мэдээ