Аймгийн төвийн гэрэлтүүлгийг шинэчилж, засварлах ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-21 12:01:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг муудсан, үүнийг шинэчилж, засварлах ажлыг сүүлийн жилүүдэд дорвитой хийгээгүй. Тэгвэл энэ өнгөрсөн долоодугаар сараас аймгийн төвийн гэрэлтүүлгийг шинэчлэх, сайжруулах ажил эхэлж, өдгөө 50 орчим хувийн гүйцэтгэтэй байна.

Энэ талаар "Уртын гэгээ" компанийн захирал Н.Энхжаргалаас тодруулахад, Аймгийн төвд нийт 900 гаруй гэрэл асахаас одоогоор 300 нь л асч байна. Төвийн гэрэлтүүлэг сүүлийн жилүүдэд эрс муудсан. Тиймээс энэ жил үүнд онцгойлон анхаарч, аймаг, сумын засаг даргын дэмжлэгээр төв шугамаас эхлээд гадагш чиглэлээр гэрэлтүүлгийг шинэчлэхээр шийдвэрлэсэн. Ер нь уг ажлын анхны төсөв нь 107 сая төгрөг гэж батлагдсан. Гэвч бид орон нутгийн компаниар, арай хямд зардлаар гүйцэтгэхээр шийдвэрлэж, манай компани 70 сая төгрөгт багтаан хийхээр болсон. Одоогоор 50 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Уг мөнгөөр гэрэлт гудамж болон төв талбайн гэрэлтүүлгийг хийсэн. Мөн төв замын гэрэлтүүлгүүд хэсэгчлэн шинэчлэгдээд байна. Одоо ч энэ ажил зарим газарт үргэлжилж байгаа. Цаашид аймгийн төв талбайгаас гадагш чиглэсэн гэрэлтүүлгүүдийг бүрэн шинэчлэх шаардлагатай гэв.

Өнгөрсөн онд Баруун-Урт сумын ЗДТГ-ын санхүүжилтээр гэр хороололд 25 ширхэг цамхагт гэрэл байрлуулсан. Энэ нь маш үр дүнтэй ажил болсон бөгөөд үүнийг дагаад гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил эрс буурчээ. Тиймээс энэ онд дахин 35 ширхэг цамхагт гэрэл суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Уг ажил удахгүй эхлэх аж.  

"Уртын гэгээ" компани нь аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгалын тохижилт, СӨХ-ны ажлыг хариуцан ажилладаг төрийн өмчит байгууллага юм .

Аймгийн төвийн бүх гэрэл нь лампан гэрэл байдаг. Энэ нь эрчим хүч их зарцуулахаас гадна засвар үйлчилгээ, зардал их шаарддаг. Тиймээс тус компанийн зүгээс бүх гэрлийг лед гэрлээр солихоор төлөвлөж байгаа. Лед гэрэл нь багадаа 4-5 жилийн баталгаатай, засвар нэг их шаардаад байдаггүй гэнэ. Гудамж талбайд гэрэлтүүлэг хийх дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн. Санхүүжилт шийдэгдвэл гэрэлтүүлгүүдээ суурилуулаад явах боломжтой юм байна. Тус компани 2020 он гэхэд аймгийн төвийг бүрэн гэрэлтүүлж дуусгах төлөвлөгөтэй ажиллаж байна. 

Холбоотой мэдээ