Хориотой ургамал түүсэн хүмүүсийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-20 19:17:16

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар ойгоос байгалийн ургамал түүн бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж хууль, журам зөрчсөн хүмүүсийг илрүүлжээ.

Тус аймгийн Хутаг-Өндөр сумын тавдугаар багийн нутагт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг түүж, бэлтгэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан гурван иргэнийг саатуулж, ургамал бэлтгэхэд ашигласан 14 ширхэг багаж хэрэгсэл болон 53 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2022 он хүртэл хориглосон юм.

Энэ ургамлыг ашиглах явцад тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсч, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай гэж үздэг байна.

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэсэн тохиолдолд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлдэг аж.

Холбоотой мэдээ