МАН-ын бүлэг Ерөнхийлөгч, АН-ын зөвлөлтэй ирэх долоо хоногт зөвшилцөнө

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-16 14:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн төсөл, саналыг тусгах асуудлаар энэ долоо хоногт хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй байна.


Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулав. Тэрбээр, “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүнээс өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл, саналтай уялдуулах үүрэг бүхий зөвшилцлийн ажлын баг болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг ажилласан. Эдгээрээс гарсан саналын дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр тав тахь өдрөө хуралдсан ч эцсийн шийдвэр гараагүй байна. МАН-ын бүлгээс Ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-ын гишүүний тоо болон бүрэн эрхийнх нь хугацааг нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох зэрэг асуудлаар  Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын зөвлөлтэй зөвшилцөж, ойлголцох хэрэгтэй гэсэн шийдэл гаргасан. Үндсэн хууль нь бүх нийтийн зөвшилцлийн баримт бичиг юм. Тиймээс МАН-ын бүлэг өчигдрөөс АН-ын зөвлөл, ЕТГ-тай зөвшилцөх ажлыг өрнүүлж байна. Өнөөдөр МАН-ын бүлэг, УИХ-ын даргын хамтаар ЕТГ-ынхан болон АН-ын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ирэх долоо хоногт зөвшилцлийн ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Учир нь АН-ын гишүүд орон нутагтаа ажиллаж байна. УИХ дахь АН-ын зөвлөлөөс тавьж байгаа Ард нийтийн санал асуулга явуулах, Ерөнхийлөгчийг парламентаар сонгох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх мэдлийг өсгөх, өрийн дээд хэмжээг тогтоох зэрэг саналыг хэлэлцэх юм. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаад, ирэх долоо хоногийг хуралдааны хуваарийг тогтооно” хэмээв. 

Холбоотой мэдээ