Филадельфид гал нээсэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-15 13:20:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. Лхагва гарагт АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод цагдаа нар руу гал нээсэн этгээдийг баривчилсан гэж хотын цагдаагийн дарга твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Филадельфи хотын цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсанаар, сэжигтэн этгээдтэй буудалцах үеэр хууль сахиулах байгууллагын зургаан ажилтан шархадсан байна. Сумны шарх авсан цагдаа нар бүгд эмнэлгээс гарчээ.


Гал нээсэн этгээд цагдаа нарт бууж өгсөн гэж телевизийн “Fox News” суваг мэдээлсэн байна. Тус сувгаар мэдээлснээр, 36 настай Морисс Хилл гэгч этгээд хэдэн цагийн турш нуугдаж байсан байшингаасаа гараа өргөн гарч ирсэн байна. Үүнээс өмнө цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан аж.


“Fox News” сувгийн эх сурвалжийн хэлснээр, Хилл нь Филадельфи хотын оршин суугч бөгөөд урьд нь хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байжээ. Уг этгээд мөн эрх баригчдаас нуугдахыг оролдож байсан байна.


Лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 16 цаг 30 минут орчимд анхны буун дуу гарах үед цагдаа нар мансууруулах бодис хадгалсан хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд гал нээсэн этгээдийн нуугдаж байсан байшинд нэгжлэг хийхээр ирсэн байжээ.


Холбоотой мэдээ