Дарханы бизнес эрхлэгчид Братск хотыг зорино

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-08-15 11:01:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Ирэх сарын 02-ноос 06-нд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод болох бизнес, аялал жуулчлал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааны цогц үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцохоор боллоо.

Нийт 50 гаруй хүмүүсийн төлөөлөл хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах анхны өргөтгөсөн томоохон үйл ажиллагаанд оролцох аж.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл, чиглэл өглөө.

Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хот ихээхэн анхаарал хандуулж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж.

Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Дашрамд  дурдахад өнгөрөгч тавдугаар сард Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлэхээр төлөвлөсөн аж.

 

Холбоотой мэдээ