Токиогийн Паралимпын дэлгэрэнгүй хуваарийг танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-14 11:01:12

ТОКИО. /Kyodo/. Ирэх онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Паралимпын наадмын арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хуваарийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. Энэхүү наадмын тэмцээн бүрийг цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүн үзнэ хэмээн наадмыг зохион байгуулагчид найдаж байна.


“2020 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд үргэлжлэх наадмын тасалбарын үнэ 500 иен буюу 5 ам.доллараас эхэлнэ” гэж Паралимпын наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ. Тэд уг наадмын тэмцээн уралдаануудыг бага, дунд, ахлах сургуулийн сурагчид үзэх боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд сургуулиудад Олимп, Паралимпын наадмын 1 сая гаруй тасалбар хүргүүлэхээр төлөвлөжээ.


“Өсөж хөгжиж буй хүүхдүүдэд урам зориг, хүсэл тэмүүлэл асар их хэрэгтэй байдаг тул тэднийг Паралимпын наадмын тэмцээнүүдийг үзээсэй гэж бид маш их хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын өрсөлдөөнийг үзэх нь хүмүүст хэмжээлшгүй их урам зориг өгдөг” гэж “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны дэд тэргүүн Масааки Комия хэлсэн байна.


Паралимпын наадмын тасалбарыг хүргэх сургуулиудад 2011 онд газар хөдлөлт, цунами, цөмийн гамшигт нэрвэгдсэн зүүн хойд нутгийн мужуудын зарим сургууль багтаж байгаа аж. Түүнчлэн хамгийн хямд үнэтэй тасалбарыг 12 болон түүнээс доош насны хүүхдүүд, 60 болон түүнээс дээш насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдэнтэй хамт явж байгаа хүмүүст өгөх юм.


Токиогийн Паралимпын наадмыг нээх, хаах ёслолын үйл ажиллагааны аль аль нь оройн 20 цагт эхлэх бөгөөд хамгийн анхны алтан медалийг дугуйн спортын эмэгтэй тамирчинд гардуулна. Ташрамд дурдахад, 2020 онд болох Паралимпын наадамд хамгийн олон буюу 4400 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ