Зөвшөөрөлгүй 20 гаруй обьектыг албадан буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 14:13:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн 198 байршилд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлжээ. Үүнээс дөрвөн байршилд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан иргэн, ААН газар чөлөөлж, 20 байршилд албадан буулгалт хийжээ.


Газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн сарын 8-нд Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагджээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байна. 


Дээрх захирамжийн дагуу өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, автозамтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгалт хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өрнөж байна. Энэ үеэр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгөөс дараах тодруулгыг авлаа.


Тэрбээр, “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор, явган хүний зам, орц, гарц хааж барьсан хашаа, обектыг чөлөөлж байна. Тэдгээр ААН, иргэд нийтийн эзэмшлийн талбайг ашигласан тул газар чөлөөлтөд үүсэх хохирлыг барагдуулахгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан обьектуудыг чөлөөлснөөр тухайн бүс нутагт орчны бохирдол үүсэх эрсдэлтэй. Тиймээс тухайн бүс нутгийг хариуцсан СӨХ зэрэг байгууллагад хариуцуулж өгнө. Нийтийн эзэмшлийн талбайг нийслэлээс хариуцах ч зарим тохиолдолд ААН тохижилт хийдэг. Чөлөөлсөн газруудад цаашид ямар нэгэн барилга, байгууламж баригдахгүй" гэлээ.

Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ