Туркменистаны Ерөнхийлөгч олны өмнө харагджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-08-13 09:25:54

АШХАБАД. /BBC/. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан гэх цуурхал олон нийтийн дунд тархсанаас хойш тэрбээр анх удаа олны өмнө харагджээ.


Даваа гарагт Г.Бердымухамедов Каспийн тэнгисийн эргийн Аваза хотод зохион байгуулсан бүс нутгийн удирдагчдын эдийн засгийн форумыг нээсэн байна. Туркменистаны Ерөнхийлөгч бөөрний дутагдлын улмаас нас барсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн сард мэдээлсэн билээ.


Дээрх мэдээ цацагдсанаас хойш Г.Бердымухамедов анх удаа олны өмнө гарч ирсэн нь энэ юм. Үүнээс өмнө Туркменистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 62 настай Ерөнхийлөгчийн амарч буйг харуулсан гэрэл зургийг нийтэлсэн боловч уг зургийг сүүлийн үеийнх гэдгийг албан ёсоор нотлоогүй байжээ.


Харин өчигдөр Аваза хотод болсон бүс нутгийн төлөөлөгчдийн уулзалтаар дээрх цуурхал төгсгөл болжээ. Уг уулзалтын үеэр ОХУ, Азербайжан, Казахстан, Ираны төлөөлөгчид Каспийн тэнгисийн эдийн засгийн анхны форумыг нээсэн Г.Бердымухамедовт баяр хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ