“Малын түүхий эдийг эргэн мөшгөх мэдээллийн сан”-гийн талаар ярилцав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-12 14:08:35

Ховд /МОНЦАМЭ/.  “Монгол орны бэлчээрийн Үндэсний III форум” Ховд аймагт боллоо.

ХХААХҮЯ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг байгууллага хамтран “Монгол орны бэлчээрийн Үндэсний III форум”-ыг орон нутагт анх удаа зохион байгуулав.

МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдал,  бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх талаар малчдад нэгдсэн мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, малчдын цаашдын оролцоог тодорхойлоход энэхүү форумын зорилго чиглэж байв.

"Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохион байгуулсан тус форумд  Ховд, Завхан, Баянхонгор зэрэг 18 аймгийн 500 орчим малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн оролцож, туршлага судаллаа.

Форумын хүрээнд малын эрүүл мэндийн мөшгөх системийг хэрэгжүүлж байгаа сайн туршлага,  үр дүн, сургамж, бэлчээр ашиглалтыг  хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалт, баруун бүс нутгийн ургамлын аймгийн судалгааны дүнгийн талаар  холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

Түүнчлэн  бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй хариуцлагатай малчдын төлөөлөл сайн туршлагаасаа хуваалцах замаар малчдын эдийн засгийн эрх чөлөөг тэлэх, улмаар  мал аж ахуйн гаралтай  бүтээгдэхүүний  төрөл, чанарыг  зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэх арга зам, Ногоон хөгжлийн төлөөх “Хариуцлагатай малчин-Хариуцлагатай үйлдвэрлэл”-ийг хөтлөгч техник технологийн шинэчлэлийн нэгэн хэсэг болох “Малын түүхий эдийг эргэн мөшгөх мэдээллийн сан”-гийн талаар ярилцсан юм.

Ховд аймаг 7000 гаруй малчин өрхийн  3 сая 146 мянган тоо толгой малтай. Аймгийн нийт нутгийн 76 хувийг бэлчээрийн бүс нутаг эзэлдэг.

Одоогийн байдлаар  тус бэлчээр  нутгийн  24.2  хувь нь  их, бага хэмжээгээр унаган байдлаа алдсан, 13 хувь  нь цөлжиж  байгалийн дахин сэргэлт  авах  боломжгүй болсон аж. Үүнээс гадна аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 70 гаруй хувь хэтэрчээ.

Энэ удаагийн форумд оролцогчид  бэлчээр нутгаа зөв таньж тодорхойлох нь зохистой ашиглалтын үндэс болохыг онцлоод, бэлчээрийг хамгаалах,  газрын доройтлыг  бууруулах арга зам нь мал сүргийн тоонд биш үүлдэр угсаа, бүтцийн чанарыг сайжруулахад анхаарах,  цаашлаад бэлчээрийг хариуцлагажуулах  эрх зүйн орчин бүрдүүлэх, малчдын  хэвшмэл ойлголт,  хандлагыг өөрчлөх, малын гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх гэж үзэж байна.

Энэ ч  утгаараа  мянгад адуу, алтайн улаан ямаа, сутай үүлдрийн хонь зэрэг сайн чанарын мал сүргийн бүтцэд тулгуурлан тогтвортой мал аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, малчдын цаашдын оролцоог тодорхойлох чиглэлээр хэд хэдэн санал гаргаж, улмаар форумын нэгдсэн зөвлөмж боловсруулав.

Холбоотой мэдээ