Танзанид шатахуун тээвэрлэгч дэлбэрсний улмаас 64 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-12 13:29:41
Yesukheitumur Tumurbaatar
ДОДОМА. /Reuters/. Танзани улсын Дар-эс-Салам далайн боомт хотоос 200 гаруй километрт орших Морогоро хотод шатахуун тээвэрлэгч дэлбэрсний улмаас 64 хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтжээ.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар, шатахуун тээвэрлэгч онхолдсон байхад хүмүүс шатахуун авахаар ойртох үед дэлбэрэлт болсон байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь мотоциклоор таксины үйлчилгээ үзүүлдэг жолооч нар байсан гэж Морогоро хотын цагдаагийн газрын дарга Уиллброд Мтафунгва мэдэгдсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас гэмтэж, түлэгдсэн хүмүүсийг Дар-эс-Салам хотын эмнэлэгт хүргэжээ. Далайн боомтын ачаа болон түлш тээврийн гол зам Морогоро хотыг дайран өнгөрдөг аж.

Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули уг хэрэгтэй холбогдуулан гурван өдрийн гашуудал зарлаж, шатахуунаас болж амь насаа эрсдэлд оруулахаас зайлсхийхийг иргэддээ уриалсан байна.
Холбоотой мэдээ