Намрын эхэн сарын шинийн 15-нд Майдар эргэж, Гомбо сахиус тахина

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-08-09 16:02:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төвд буй Дашгэнпэллин хийд үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулж, Майдар эргэж, “Сайхан гомбо” тахих ёслол намрын эхэн сарын шинийн 15-н буюу наймдугаар сарын 15-наас 16-нд болно.

Хүн зоны сайн сайхан амьдралын төлөө өвчин зовлонгүй, эрүүл энх байлгахын тулд Майдар, Гомбо бурханы даатгалд багтаах зорилгоор дээрх зан үйлийг гүйцэтгэдэг аж.

Зоогоо хийдийн Дашгэнпэллин жасыг 1694 онд Мэргэн вангийн хошууны тайж Хаймчиг санаачилж анх Ханчин номун хан ламаас хурлын дэг жаягийг залж удирдуулан, судар тарнийн хоёр ёсыг баримтлан арван зургаан ламтай цогчин хурж, Гомбо, Ганжуур, Намсрай бурхан залж үүссэн түүхтэй байдаг.

Харин 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед тус жасын лам нарыг хэлмэгдүүлж, сүм хийдийг нурааж шатаасан бөгөөд 1990 онд Монгол Улсад ардчилал бий болсоноор сүм хийд байгуулагдахад Дашгэнпэллин хийдийг дахин сэргээж үүнээс хойш 1997, 2004 онд шинэ дуган барьжээ.

Тус хийд өдөр бүр Цогчин уншлагатай, сар бүрийн шинийн найманд Их манал, Сандуйн жүд, Доржжодво, Чогууд, Ганжуур, арван дөрвөнд Магтаалууд, арван таванд Дүйжид нямба, Ганжуур, Чогууд, хорин есөнд Арван хангал,гучинд Доо Дүдва, Ганжуур хурдаг ажээ. Мөн жил бүрийн намар Майдар эргэж, маргааш нь хийдийн гол сахиус болох Гомбо бурханыг тахьдаг уламжлалтай. 

Холбоотой мэдээ