“Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын баг хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 16:38:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаар, орчны бохирдлыг бууруулах “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын багийн хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын багийн гишүүд оролцов.


Хуралдааны эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр “Хөгжлийн үүд” төсөл хэрэгжих байршил, төлөвлөлтийн шийдлүүд, инженерийн дэд бүтцийн шийдэл, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөлтэй холбоотой товч мэдээллийг хүргэв. Дараа нь нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар болон нийслэлийн Орон сууцны корпорациас орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг ажлын багийн гишүүдэд танилцуулсан юм.


Энэ үеэр ажлын багийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хотын хамгийн боломжтой хоёр талын байршилд шинээр суурьшлын ногоон бүс бий болгох ёстой. Энэ хүрээнд “Хөгжлийн үүд” төслийг тооцоо судалгаатай, техник эдийн засгийн үндэслэлтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Гэр хорооллын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг чадавхжуулах нь Улаанбаатар хотын хөгжлийн үүд байх ёстой. Энэ талд ажлын багийн бүх гишүүд анхаарахыг хүсч байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар дэд ажлын баг байгуулж,төслийн ТЭЗҮ, ажлын даалгаврыг боловсруулах шаардлагатай байна” хэмээв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ төслийг хэрэгжүүлэх шалтгаан нь хүн бүрийн, айл өрх болгоны хүлээлт болсон орчин үеийн орон сууцны хотхоныг бий болгох, шаардлага хангасан аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах асуудал юм. Нэгдсэн дэд бүтэцтэй, дулаан цахилгаанд холбогдсон, нийгмийн үйлчилгээгээ бүрэн авдаг, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хотхоныг бий болгох зорилго тавин ажиллах ёстой. Одоо төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөндөө орж, шаардлагатай судалгаа тооцоог гаргах хэрэгтэй” гэсэн юм.

Холбоотой мэдээ