БНАСАУ мэдэгдэл хийлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /KCNA/. АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуультай холбогдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийжээ.
"БНАСАУ-ын зүгээс нэг
бус удаа анхааруулга өгсөн хэдий ч АНУ болон БНСУ цэргийн хамтарсан сургуулийг
эхлүүллээ. Энэ нь БНАСАУ болон АНУ-ын өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд
хийсэн хамтарсан мэдэгдэл, Панмүнжомын тунхаглал хийгээд өнгөрсөн 9 дүгээр
сард гаргасан Пёньяны хамтарсан тунхаглалыг үл ойшоон, бүдүүлгээр зөрчиж буй
явдал юм. Дээрх баримт бичгүүд нь БНАСАУ, АНУ-ын шинэ харилцааг бий болгох, Солонгосын
хойгт энх тайван тогтоож, тогтвортой байдлыг бий болгох тухай хэлэлцээрүүд юм.
Гэсэн хэдий ч АНУ болон БНСУ-ын эрх баригчид цэргийн хамтарсан сургуулиа зөвтгөхийн тулд элдэв арга мэх хэрэглэж байна. Тэдний түрэмгий зан чанарыг
нуун дарж, цайруулах боломжгүй юм" гэж мэдэгдэлд дурдав.
АНУ, БНСУ-ын
дайсагнасан энэхүү үйлдэл аюулын хэмжээнд хүрсэн тул БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны
хэвлэлийн төлөөлөгч энэхүү алхмыг эрс зэмлэн буруушааж, дараах зарчмын байр
сууриа илэрхийлжээ.
"Нэгдүгээрт, улсынх нь аюулгүй байдалд учирч болзошгүй болон шууд заналхийллийг арилгах арга хэмжээ авахуулахын тулд БНАСАУ-ыг албадан шахаж буй үйл ажиллагаанаасаа АНУ болон БНСУ-ын эрх баригчид ямар ч нөхцөлд зайлсхийх болно. Цэргийн хамтарсан сургууль хийснээр БНАСАУ-ын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг АНУ болон БНСУ-ын эрх баригчид маш сайн мэдэж байгаа. Ямар ч үнээр хамаагүй биднийг зөвхөн өдөөн хатгаж, сүрдүүлэхэд хүргэж буй үйлдлийн цаана ямар далд санаа байна вэ? Цэргийн хамтарсан сургууль нь БНАСАУ, АНУ-ын харилцаа хийгээд хоёр Солонгосын харилцаанд ахиц дэвшил гарахад саад учруулж, өмнө нь хийсэн томоохон алхмуудаа эргэн харахад хүргэнэ гэдгийг бид хэд хэдэн удаа анхааруулсан. Үүрэг амлалтаасаа нэг нь буцаж байхад нөгөө нь биелүүлнэ гэсэн ёс зүй байхгүй билээ. Хамтарсан цэргийн сургууль нь батлан хамгаалахын шинжтэй бөгөөд байлдааны бэлэн байдлын чухал элемент юм гэдгийг нотлохын тулд АНУ болон БНСУ бүхий л боломжоо ашигладаг нь БНАСАУ-ыг үндэсний батлан хамгаалахын чухал ач холбогдол бүхий хүчирхэг хэрэгслүүдээ хөгжүүлж, туршиж, ашиглахад хүргэдэг. Өмнөд Солонгос аюул заналхийллээс болж зовж шаналж байгаа бол ийм үйлдэл гаргахгүйгээр уг асуудалд илүү ухаалгаар хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх байр сууриа бид тууштай баримталсаар байх болно. Гэсэн хэдий ч дайсагнасан үйлдэл гаргасаар байвал яриа хэлэлцээний эрч улам сулрах болно. Одоогийн нөхцөл байдал БНАСАУ болон АНУ-ын хэлэлцээр хийгээд хоёр Солонгосын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүсэл сонирхлыг бууруулж байгаагийн сацуу цаашдын яриа хэлэлцээнд нөлөөлөх болно” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.