АНУ-ын ХАА-н бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-06 10:42:10

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авахаа түр зогсоосон бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа нэмэгдүүлж магадгүй байна.


Хятадын 300 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ 10 хувийн шинэ татвар ногдуулах шийдвэр гаргасны хариуд ийм алхмыг авч хэрэгжүүлж байна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ.


“Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулах тухайгаа АНУ мэдэгдээд удаагүй байгаа нь хоёр улсын төрийн тэргүүн нарын Осака хотод уулзах үеэрээ хүрсэн тохиролцоог ноцтой зөрчиж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


"АНУ хоёр улсын төрийн тэргүүн нарын зөвшилцлийн нөхцөлийг биелүүлж, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна” хэмээн Худалдааны яам болон Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг иш татан мэдээлсэн байна.


Ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Хятад улс биелүүлээгүй нь ийм шийдвэрт хүргэсэн шалтгаануудын нэг юм хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ