Болгар-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Софид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-05 15:39:30

СОФИ. /focus-fen.net/. Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Болгар-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын зургадугаар хуралдаан Болгарын нийслэл Софи хотод болно.

Болгарын Сайд нарын зөвлөл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хуралдааны бэлтгэл ажлын явцын талаар танилцуулсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.

Хуралдааны үеэр худалдаа, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал, тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи болон бусад салбар дахь  хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Мөн хоёр улсын янз бүрийн салбар дахь хамтын ажиллагаа, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг уг хуралдааны үеэр тодорхойлохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих тухай санамж бичигт гарын үсэг зурах талаар хэлэлцэх ажээ. Өмнө нь хэлэлцсэн магадлан итгэмжлэлийн салбар дахь хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг Болгарын тал хуралдааны үеэр танилцуулна.

Монгол нь байгалийн нөөц баялаг ихтэй орнуудын нэг бөгөөд тус улсын эдийн засаг өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байсан юм. Монголын хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл харьцангуй илүү сайн хөгжсөн билээ.

Болгарын хувьд олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал, эм, лаазалсан хоол, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, дарс, тамхи зэргийг Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ