Азербайжан, Армены мөргөлдөөнийг зогсоохыг Иран уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-05 14:03:06

ТЕГЕРАН. /IRNA/. Иран улсын хувьд Азербайжан болон Армен хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах, гал зогсоох, маргааныг шийдвэрлэхийн тулд өөрийн бүхий л боломжоо дайчлахад бэлэн байна гэж Ираны Мэдээллийн технологи, харилцаа холбооны сайд Махмоуд Вейзи мэдэгдлээ. 

Азербайжаны Эдийн засгийн хөгжлийн сайд Сахин Мустафаевтай утсаар ярилцахдаа Ираны сайд хоёр талын гэрээний хэрэгжилтийн биелэлтийн талаарх байр суурийг илэрхийлээд дайтагч талуудад хандан биеэ барьж тэвчээртэй байхыг уриалжээ.

Тэрбээр мөн "Иран улс бүс нутагт тогтвортой байдал, амгалан тайван байдлыг хангахын төлөө байгаа бөгөөд  мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.

“Мөргөлдөөн үргэлжилсээр байгаа нь бүс нутгийн ард түмнүүд болон тэдний ашиг сонирхолд  хохирол учруулж, сүйрэлд хүргэнэ” гэж Ираны сайд анхаарууллаа.

Азербайжаны сайд Мустафаев "цус асгаруулсан мөргөлдөөнийг зогсоох, хямралыг зохицуулахын төлөө тууштай зогсож буй" Ираны талд талархал илэрхийлжээ. 

Х.Сарнай

 


 

Холбоотой мэдээ