"Говь" компани АНУ-ын худалдааны хуулийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-01 18:40:21
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /Juststyle/. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг АНУ руу гаалийн татваргүй нийлүүлэх тухай хуулийн төслийг “Говь" компани бүхий л талаараа дэмжиж байна. 

 

Монгол Улсын гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Бүгд найрамдах намын гишүүн Тед Йохо болон АНУ-ын Төөлөгчдийн танхимын есөн гишүүн энэ оны эхээр Конгресст танилцуулжээ. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын ноолууран болон сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу импортын татваргүйгээр оруулах боломж олгох юм.

 

"Уг хуулийн төсөл нь зөвхөн ноолууран бүтээгдэхүүний импорт ч гэлтгүй АНУ-ын стратегийн чухал түнш болоод Зүүн Азийн бүс нутгийн эрх чөлөөний гэрэлт цамхаг болсон Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх ухаалаг бодлого юм” хэмээн Тед Йохо өнгөрсөн дөрөвдүгээр сард цохон тэмдэглэсэн юм.

 

Албаны хүмүүсийн тооцоолж байгаагаар, хэрэв уг хуулийн төсөл батлагдвал Монголын хувцас үйлдвэрлэлийн салбарын 90 орчим хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдэд шинээр 40 мянган ажлын байр бий болох аж.  

 

ОХУ болон БНХАУ-ын дунд орших, ардчиллыг тууштай дэмжигч Монгол Улс нь АНУ-ыг “гуравдагч хөрш”-өө хэмээн зарласан. Тед Йохогийн үзэж байгаагаар, энэ хууль Монгол Улсын эдийн засгийн чухал салбаруудад томоохон дэмжлэг болж, хоёр орны худалдааны харилцаа хөгжихөд онцгой хувь нэмэр оруулахын зэрэгцээ БНХАУ-аас АНУ-руу импортолдог ноолууран бүтээгдэхүүний хэмжээ буурах ажээ.

 

Түүнчлэн энэ хуулийн төслийг АНУ-ын хувцасны брэндүүд болон импортлогчдын төлөөллүүд дэмжсэн байна. Мөн энэхүү баримт бичиг нь Монгол Улсын эдийн засагт олон талын ашиг тустай гэж “Говь” компани үзжээ.

 

"Уг хууль батлагдвал АНУ-ын зах зээлд ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах боломж нээгдэх юм. Монгол Улс нийт боловсруулсан ноолуурынхаа 48 хувийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг /хоёр дахь том нийлүүлэгч/ бол үлдсэн ноолуурын 15 хувийг нь дотооддоо ноолууран хувцас үйлдвэрлэхэд ашиглаж, 85 хувийн хагас боловсруулсан ноолуурт бага нэмүү өртөг шингээн бусад зах зээлд худалдаалдаг. АНУ нь ноолууран бүтээгдэхүүн худалдан авах чадвараараа дэлхийд хоёрт ордог том орон юм. Гаалийн татваргүй болсноор Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх том боломж нээгдэнэ" гэж тус компани үзэж байна.

 

“Говь” компани ирэх есдүгээр сард АНУ-ын Лос Анжелес хотод зөвхөн тус улсын иргэдэд зориулсан “Gobi Cashmere USA” нэртэй салбараа нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ салбар нь мөн цахимаар худалдаа явуулах аж.


Тус компани өндөр чанарын боловсруулсан ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж байгаа хэдий ч БНХАУ-ын өрсөлдөөний улмаас АНУ дахь зээл нь хязгаарлагдмал байжээ. Одоогоор тус компани Чикаго, Лос Анжелес, Сан Франциско хотод өөрийн нэрийн дэлгүүрийг нээгээд байна.

 

Үүнээс гадна монгол тэмээ, сарлагийн ноосны худалдааг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх зорилготой, Европын Холбооны санхүүжүүлилттэй төсөл зарлагдсан нь дотоодын компаниудын олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, гадаадын компаниудтай түншлэлийн харилцаа тогтооход дэмжлэг болох юм.

Холбоотой мэдээ