Япон болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-01 15:57:39

БАНГКОК. /TASS/. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва нар Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны чуулга уулзалтын үеэр пүрэв гарагт хэлэлцээ хийсэн тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.


Чухам ямар асуудлыг хэлэлцсэн тухай одоохондоо мэдээлэхгүй байгаа дээрх уулзалт Токио, Сөүлийн хооронд дэгдсэн худалдааны дайн үргэлжилж буй үед болсон юм. Хоёр орны худалдааны дайн энэ баасан гарагт дахин хурцдаж магадгүй байна. Японы нано материал болон өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хялбаршуулсан системийн дагуу хязгаарлалтгүйгээр нийлүүлдэг улсуудын жагсаалтаас БНСУ-ыг наймдугаар сарын 2-нд хасахаар төлөвлөж байгаагаа Японы Засгийн газар урьд нь мэдэгджээ. Чухам энэ асуудлыг хоёр улсын гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нар хэлэлцсэн байж магадгүй байна.


Японы Засгийн газар хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа долдугаар сарын 1-нд чангатгасан байна. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа бол Сөүл ийм боломжийг эрс үгүйсгэжээ.


Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна.


Холбоотой мэдээ