Хафтарын арми Триполи руу хийх дайралтынхаа хоёр дахь үе шатыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-30 12:49:21

БЕНГАЗИ. /RIA Novosti/. Маршал Халиф Хафтараар удирдуулсан Ливийн Үндэсний арми тус улсын нийслэл Триполи хот руу хийх дайралтынхаа хоёр дахь үе шатыг эхлүүлжээ. Энэ тухай Ливийн Тобруке хот дахь парламентын гишүүн Али аль-Кайди мэдээлсэн байна.


Триполи хот руу хийсэн эхний дайралт амжилттай болсон гэж Ливийн Үндэсний арми урьд нь мэдэгджээ. “Нэр хүндийн урсгал” хэмээх шинэ ажиллагааны хүрээнд Триполи хот руу дайрахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл арми зорилгынхоо ихэнхэд хүрсэн учир цэргийн ажиллагааныхаа хоёр дахь үе шатыг эхлүүлж байна” гэж аль-Кайди мэдээлжээ.


Үүнээс гадна, тэрбээр Ливийн парламентын төлөөлөгчдийн АНУ-д саяхан хийсэн айлчлалыг эерэгээр үнэлээд, айлчлалын гол зорилго нь "Ливид үнэн хэрэгтээ юу болж байгааг”, "Үндэсний зөвшилцлийн Засгийн газар терроризмыг дэмжиж байгаа талаар" мэдэгдэх явдал байсан гэж цохон тэмдэглэсэн байна. 


Тэрбээр мөн Ливийн парламентын төлөөлөгчдийн гадаадад хийж буй айлчлал Францад дуусна гэдгийг мэдээлжээ.


Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хотыг “террористуудаас чөлөөлөхийн тулд” тус хот руу дайрах тушаалыг цэргүүддээ дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байна. Харин Триполи хотод үйл ажиллагаагаа явуулж буй Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт үнэнч зэвсэгт бүлэглэлүүд “Галт уулын уур хилэн” хэмээх хариу ажиллагааг эхлүүлснээ мэдэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Триполи хотод болсон байлдааны ажиллагааны улмаас 1050 орчим хүн амиа алдаж, 5500 гаруй хүн шархадсан байна.


Ливийн удирдагч Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагасны дараа тус улс нэгдмэл нэг улс байхаа үндсэндээ больжээ. Ливийн зүүн нутагт ард түмнээс сонгогдсон парламент, харин тус улсын баруун нутагт орших нийслэл Триполи хотод НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулсан Үндэсний зөвшилцлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Холбоотой мэдээ