БНСУ-ын атташе нарыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-27 13:05:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр БНСУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ким Хунсан болон шинээр томилогдсон атташе Сэо Мүн Сук нарыг хүлээн авч уулзлаа.


Тэрээр дэд хурандаа Ким Хунсанд хандан Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтад Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Түүний хүчин чармайлтын үр дүнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсан талаар онцолж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.


Мөн дэд хурандаа Сэо Мүн Сукыг батлан хамгаалахын атташегаар томилогдсон явдалд баяр хүргэлээ. 


Дашрамд дурдахад Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Сөүл хот болон Гёонги мужийн Гал, гамшгийн удирдлагын газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдаг билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ