Хөрс шинжлэх аргачлалыг нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-26 15:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрс шинжлэх аргачлалын талаар өнөөдөр ХХААХҮЯ-нд Монгол, Герман мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт боллоо.


Уулзлтанд оролцогч Монгол, Германы эрдэмтэн мэргэжилтнүүд хөрснөөс дээж авах замаар лабораторид ашиглаж буй шинжилгээний аргачлалын нэгдмэл байдлыг бий болгох талаар хэлэлцлээ. ХБНГУ-аас манайд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуйн төсөл"-ийн хүрээнд Монгол Улсад хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдлыг бий болгож байна гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг онцолж байна. Хөрсний шинжилгээ нь олон улсын стандартад нийцсэн байж шинжилгээний арга, аргачлалыг нэгдмэл болгох учиртайг тэмдэглэж байв.

Өнөөдрийн уулзалтаар хөрнөөс дээж авах шинжилгээний талаар Монголд хэрэгжүүлж буй аргачлалын талаар судлаач Л.Баяртулга танилцуулсан бол Герман улсын энэ талын аргачлалын талаар тус улсын Хоэнхаймын Их сургуулийн профессор Карл Штаар мэдээлэл хийлээ. ХААИС-ийн хөрс шинжилгээний лабораторид ашиглаж буй аргалчлалын талаар тус сургуулийн Хөрс-агрохимийн лабораторийн эрхлэгч, доктор А.Жавхлантуяа, “Гацуурт” ХХК-д ашиглаж буй хөрс шинжлэх аргачлалын талаар тус компанийн агрономич Х.Ганзориг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Б.Болд

Холбоотой мэдээ