Х.Баттулга:Төвбанкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-26 12:46:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо өнөөдөр "Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. 


Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын багийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа, Б.Ундармаа тэрүүтэй албаныхан оролцов. Мөн ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БАОЖЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллага, улс төрийн намын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцож байгааг хэлэлцүүлгийг даргалагч  УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.


Түүхэн боломжийг ашиглан улс орноо зогсолтгүй хөгждөг улс болгохын төлөө сөрөг хүчин, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид тав дахь өдрөө тэмцэлдэх бус эвлэлдэн шийдэхэд хүчин чармайн зөвшилцөж байна. Үүнийг хэрхэн бодит ажил болгохыг УИХ-ын эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.



Тэрбээр, "Бид Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Монгол Улс нь дэлхийд ганцхан нүүдэлчин соёлтой, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд байрладаг онцлогтой.  Тиймээс Монгол Улсын хуульд өв соёл, түүх, уламжлалаа хадгалсан зохицуулалт байх боломжтой. Гадны орны жишигтэй харьцуулах баригдмал ойлголт, хандлагадаа дүгнэлт хийн, аливаа жишиг туршлагыг өөрийн онцлог нөхцөл байдлаас дээгүүрт үзэж, үндэснийхээ эрх ашгийг улам бэхжүүлсэн, хамгаалсан санал, шийдэл гаргах нь чухал. 


УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн баялаг, эдийн засгийн асуудлаар тодорхой чиглэл тусгагдсан. Тухайлбал, төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах зэрэг ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдаад байна. Харин миний боловсруулсан төсөл, саналд, байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялгаас олох орлогыг баялгийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, Төвбанкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бэхжүүлэх зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  


УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг шинэ зардал үүсгэж байна хэмээн шүүмжилж байна. Гэвч энэ хэрээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого юм. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр, төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ" хэмээв. 



Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдэд байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлыг хэрхэн тусгасан талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулж байна. 


Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж, тодруулан саналаа хэлж, байр сууриа илэрхийлэх юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ