Цэнхэр дуулгатнууд Бентью хотын спорт цогцолборыг сэргээн засварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-25 16:51:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор БНӨСУ-ын Бентью хотын төвийн спорт цогцолборыг энэ сарын 15-22-нд сэргээн засварлаж, хүлээлгэн өглөө. 

Манай энхийг сахиулагчид спорт цогцолборын хөлбөмбөгийн талбайн сүүдрэвч, гарбөмбөг, сагсанбөмбөгийн талбайн шийдийг шинэчлэн, олон улсын стандартын дагуу будсан байна. Түүнчлэн талбайн эргэн тойронд 30 урт сандал, хүүхэд багачуудад зориулан биеийн тамирын савлуур, дүүжин зэргийг байршуулжээ.

Спорт цогцолбор шинэчлэгдсэнтэй холбогдуулан нөхөрсөг тоглолт зохион байгуулж, оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрдэл, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл бэлэглэжээ.

Ашиглалтад хүлээлгэн өгөх ажиллагаанд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хойд Лиеч мужийн залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамыг хариуцсан дарга Лам Тунгар, Эрүүл мэндийн асуудал хариуцсан дарга Тутлийт Жиеч, мужийн хөлбөмбөг, сагсанбөмбөг, гарбөмбөгийн холбоодын дасгалжуулагч, баг тамирчид, НҮБ-ын болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд багачууд оролцсон байна. 

Холбоотой мэдээ