Э.Содномпилжээ: Бэлтгэлийнхээ үеэр 260 кг шахаж байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-25 13:21:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Нур-Султан хотод энэ сарын 11-21-нд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 107 кг-ийн жинд 247 кг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн МУГТ Э.Содномпилжээ өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. 


Энэ үеэр тэрбээр, "Бэлтгэл хийх үедээ, цээжин дээрээ 260 кг шахаж байсан. Тэмцээний үеэр, энэ байдал өөрдчлөгддөг. Учир нь дараагийн тэмцээнд оролцохдоо өөрийн чадлаа нөөцлөх тактик юм. Ирэх 2020 оны Токиогийн олимпод хамаг хүчээ гарган оролцох болно" хэмээв. 


МУГТ Э.Содномпилжээ өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан юм. 


Монголын Пауэрлиптингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны нарийн бичгийн дарга Д.Баттулга, "Олимпын дараа ордог энэ том тэмцээнд Э.Содномпилжээ маань түрүүлж, дахин дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулан шинэчиллээ. Дээд зэрэглэлийн тамирчид өрсөлдсөн ширүүн тэмцээн болсон" гэв.  


Тус тэмцээний 80 кг-ийн жинд Монгол Улсаас оролцсон тамирчин Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас 28 дугаар байрт шалгарсан юм.

Холбоотой мэдээ