Ювентус клубын зуны сургалт Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-24 17:00:58
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн хөлбөмбөгийн алдарт Ювентус клубын хүүхдийн академийн зуны зуслангийн сургалт ирэх сарын 2-16-нд Монголд анх удаа болно.


Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болох уг сургалтад 10-18 насны хүүхдүүдийг хамруулах юм. Сургалтад хамрагдсанаар мэргэжлийн хөлбөмбөгийн дасгал сургуулилтын системийн талаар ойлголттой болж хооллолт, дэглэм, бэлтгэл сургуулилт гээд олон талын мэдлэгийг олж авах аж. Түүнчлэн Ювентус академийн багш нар сургалтыг удирдан явуулах учир англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой бөгөөд амжилттай төгссөн хүүхэд бүр тус академийн сертификатыг гардах юм.


Ювентус академийн Монгол дахь албан ёсны эрх эзэмшигч Моннар Спортс Холдинг ХХК сургалтад хамрагдсан гурван хүүхдийг сонгон, таван жилийн хугацаанд англи хэл болон хөлбөмбөгийн чадварыг хөгжүүлэн цаашид Европын хөлбөмбөгийн клубүүдэд зуучлах аж. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80013388, 88020715, мөн www.monnarsports.mn хаягаар авч болох юм. 

Холбоотой мэдээ