АНУ-ын тагнуулуудад цаазын ял оноожээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-23 11:05:35

ТЕХРАН. /BBC/. АНУ-ын Тагнуулын төв газрын талд ажиллаж байсан 17 тагнуулыг баривчилж, заримд нь цаазын ял ногдуулсан гэж Ираны эрх баригчид мэдээлжээ.


Ираны Тагнуулын газраас мэдээлснээр, тэд цөмийн, цэргийн болон бусад салбарын мэдээллийг цуглуулж байсан ажээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг мэдээллийг “маш худал” хэмээн няцаасан байна.


Вашингтон, Техраны эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар маргаж, хоёр талын харилцаа улам хурцадсаар байгаа юм. Түүнчлэн Д.Трамп өнгөрсөн онд цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.


Иран баривчилгааны талаар олон нийтэд мэдэгдсэний дараахан Д.Трамп мэдэгдэл хийж, Ирантай тохиролцоонд хүрэхэд улам хүнд болж байна гэж хэлсэн байна.


“АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдсон иранчуудыг энэ оны гуравдугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд баривчилсан бөгөөд тэд бүгд цэргийн, цөмийн болон хувийн хэвшлийн салбарын "эмзэг" хэсгүүдэд ажиллаж байсан” гэж Ираны Тагнуулын газрын төлөөлөгч мэдээлжээ. Гэсэн хэдий ч цаазын ялыг хэзээ, хэдэн хүнд ногдуулсан талаар дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ