Ө.Мөнх-Амгалан:Иргэдийнхээ оюун санаанд хөрөнгө оруулалт хийх нь чухал байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-07-22 23:39:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн зүүн бүсийн төв Говь-Угтаал сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалантай цаг үеийн байдал, сум орон нутгийн бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн асуудлаар ярилцлаа. 

-Говь-Угтаал суманд зуншлага ямархуу байна? малчдын нөхцөл байдлын талаар яриагаа эхлэх үү?

-Говь-Угтаал сумын хувьд зуншлага эрт эхэлж, ургамлын гарц хавар эртдээ сайн байсан. Харин сүүлийн сард бороо хур ороогүй тул ургамал, ногоо гандаж байна. Бусад сумтай харьцуулахад одоохондоо зуншлага гайгүй л байна.

Саяхан би урагш Өндөршил сум яваад ирсэн. Баянжаргалан, Баянжаргалангийн баруун тал, манай сумын урд үзүүрээр  зуншлага тааруухан  байна.

Малчдын хувьд отор нүүдэл хийж нүүж суугаагүй, нутагтаа зусаж байна.Ойрын өдрүүдэд бороотой гэж зарлаад байгаа.   

-Суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа байна?

-Сумын хувьд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр толгойгоо гашилгаж, бодож төлөвлөж байгаа ажил их байна.

Сумын төвийнхөө ундны усны худгийг “ухаалаг” болгох ажлыг хийхээр тендер зарлачихсан. Мөн мал угаалгын банн байгуулна.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан сум болгон нэг үйлдвэртэй болох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Говь-Угтаал сум хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьсан.

Эхний удаа ОНХС-аас 25,0 сая төгрөгийн хөрөнгөөр аж ахуйн хашаа барих ажлыг эхэлнэ. "Инвест Ко оп” төслийн байгууллагатай хамтарч хүлэмж байгуулж иргэдийн оролцоотой ногоо тарьж байна.  Цаашид өвлийн хүлэмжтэй болох ажлыг хэрэгжүүлэхээр  төлөвлөж байгаа.

Энэ жил манай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал барихаар болсон.Манай сум сумын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу зүүн бүсийн төв гэсэн статустай. Сүүлийн жилүүдэд энэ бодлого алдагдах хандлагатай байгаа. Тиймээс бүсийн төв гэсэн байр сууриа хадгалахын тулд сумын төвөө хөгжүүлэх, бүсийн аливаа үйл ажиллагааг сумандаа төвлөрүүлэн зохион байгуулдаг болох, сум дундын эмнэлэг, сургуулийнхаа үйлчилгээг илүү сайжруулах гээд олон зүйлд  анхаарал хандуулж ажиллах шаардлага бий. Энэ бүхэнд бодлогоо чиглүүлж ажиллаж байна.

Спорт заалтай болчихвол зүүн бүсийн сумдын томоохон тэмцээн, уралдаан манайд болох боломж бүрдэнэ. Соёлын төвийн хувьд манай сум аймагтаа төдийгүй улсдаа ч яригдах том соёлын төвтэй.

Наадмын өмнө хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэгээр сумынхаа төвийн бүх гэрлүүдийг шинэчилсэн. Мөн энэ хавар төрийн бүх байгууллагуудынхаа хаягийг монгол бичгээр бичүүлж, гэрэлтдэг болголоо.

Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээ болгох зорилгоор ирэх хичээлийн жилээс сургуулийнхаа хүүхдүүдэд монгол бичгийн сургалт явуулж, манай сургуулийг төгсөж байгаа хүүхэд бүр уран бичлэгээр сайхан бичдэг чадвартай болох  боломжийг бүрдүүлэхээр  ажиллаж байгаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байна, цаашдаа энэ чиглэлээр юу хийх вэ?

-Өнгөрсөн хавар “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулж, зөвлөгөөнөөс “Хөхүүр үйлдвэрлэгч сум” болох зорилт тавьсан. Хөдөө малчдын хотоор явж байхад хөхүүр хийж байгаа айлууд нэмэгдэж байна. Арьсаа бэлтгэчихсэн, зарим нь хөхүүрээ  хийж байна. Хамгийн гол нь үүнийг үйлдвэрлэлийн чиглэлд хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Нэг нь үхрийн ширээ элддэг байхад нэг хэсэг нь эсгэдэг, нөгөөх нь оёдог оёдлын хэсэг байх, мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг хүмүүс байх хэрэгтэй. Тиймээс сумын удирдлагуудын хувьд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч хүмүүсээ холбож,  гарц, гаргалгааг нээж, зах зээлийг нь хөгжүүлэх боломж байна гэж хардаг.  

Манай суманд үхрийн шир, арьс, нэхий элддэг, сураар юм хийдэг цөөнгй хүн бий. Энэ хүмүүсээ дэмжээд цогцоор нь хөгжүүлэхгүй бол өрхийн үйлдвэрлэл ахихгүй, жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй.

Мөн малчдын сүү, цагаан идээ үйлдвэрлэлийг дэмжиж ажиллая гэж боддог. “Цагаан идээ үйлдвэрлэгч” сум болохыг зорин ажиллаж байна. Нэг талдаа иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ, нөгөө талдаа төв суурин газар амьдарч байгаа хүн амд хэрэгцээтэй байгаа цагаан идээг нийлүүлнэ.

Ингэж чадвал малчид малаа зарж, борлуулалгүй өрхийнхөө хэрэгцээг хангах хэмжээний орлого олоод байх боломжтой. Энэ нутагт төрж, өссөн, уугуул нутаг нэгт хүмүүстээ нутгаа” гэсэн сэтгэлийг багаас нь суулгаж, хандлагыг нь өөрчлөхийг хичээж байна.

Нутгийнхаа малчдын хийсэн цагаан идээг Нутгийн зөвлөлөөрөө дамжуулан Улаанбаатарт амьдарч байгаа залуучууд, оюутнууд, нутгийнхандаа хүргэж, сурталчилж, “Нутаг“ гэсэн тэр сэтгэл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг эхлүүлэх юмсан гэж бодож явдаг. Хөдөө орон нутагт залуучууд олноор ирж суурьшин, сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байх нь хамгийн чухал.

-Сумын хувьд тулгамдсан ямар асуудал байна, асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-Хаяанд байгаа сум маань жишиг сум болоод хөгжчихөөд байхад Говь-Угтаал сумын хөгжил удаан байгаад л би санаа зовж явдаг.

Тиймээс саяхан бүх байгууллагуудынхаа удирдлагууд, багийн Засаг дарга нар, хороодын дарга нараа Гурвансайхан суманд аваачиж туршлага судлуулсан.

Сумаа “Жишиг сум” болгох эхлэлийг нь тавьчих юмсан, ядаж эхний ээлжинд айл бүрийн хашааны хаалгыг нэгэн жигд болгоод, хашааг нь нэг хэв загвартай, гэрэлтүүлэгтэй болгоод, амьдрах орчныг нь сайжруулах юмсан гэж бодож байна.

Хамгийн  тулгамдаж байгаа асуудал бол иргэдийн оролцоо. Иргэдийн оролцоо бол хөгжлийн хурадсгуур гэж боддог. Залуучуудын холбоогоо идэвхижүүлж ажиллаж байгаа.

Энэ жилээс “Оны шилдэг нийгмийн 10 идэвхтэн”-ийг шалгаруулж олон нийтэд сурталчилъя гэж төлөвлөөд байгаа. Тэд ч  өөрсдөөрөө бахархана, нийгмийн идэвхи нь сайжирна.

Ажилгүйдэл манай суманд бий. Гэхдээ уул уурхайн салбар сэргэж төмрийн хүдрийн уурхайд иргэд ажиллаж байна. ТББ-ууд, жижиг дунд үйлдвэрлэгчидээ ажиллах өрөөтэй болгох, иргэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх фитнесийн төвтэй болох, Хүүхэд хөгжлийн төвтэй болох, Соёлын төвөө кинотеатртай болгох гээд хийх, хэрэгжүүлэх ажил их байна.

Өнөөдөр хүүхдүүдэд сурч боловсрох, хөгжих тийм л орчин үгүйлэгдэж байна. Түүнээс гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх, ядаж төрсөн өдрөө тэмдэглэчихдэг газар байхгүй. Тиймээс хүүхэд хөгждөг, чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг тийм л орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Миний хамгийн ихээр хүсч, мөрөөдөж, зорьж байгаа нэг ажил бол иргэдийнхээ оюун санаанд хөрөнгө оруулалт хийх юмсан гэсэн их бодол, тэмүүлэл.  Энэ маань оролцоог нэмэгдүүлнэ. Тэгж л чадах юм бол материаллаг бүтээн байгуулалт аяндаа бий болно.

Иргэддээ тогтмол мэдээлэл өгдөг тийм л систем үгүйлэгдэж байна. Багийн дарга тэр олон иргэдэд хүрч мэдээлэл өгнө гэдэг бүтэшгүй. Тиймээс баг бүртээ “Аравт”-ын системийг нэвтрүүлэх гээд багийн дарга нартаа чиглэл өгчихсөн. Тэгэхлээр арай өөр болох байх гэж бодож байна.

-Сумынхаа зон олонд хандаж юу гэж хэлэх вэ, иргэддээ хандаж хэлэх сэтгэлийн үгээ бидэнтэй хуваалцах уу?

-Говь-Угтаал сумаа "Гоё-Угтаал сум" болгоё. Үүнд энэ л нутгийн иргэн таны оролцоо чухал, эерэг харилцаа, бүтээлч байдал ирээдүйн сумын маань хөгжлийг бий болгоно.

Тиймээс хүн бүр хичээж, сумаа хамтдаа хөгжүүлж, “Жишиг сум” болгоё, сумандаа ая тухтай сайхан амьдрах  тэр боломжийг бүрдүүлцгээе гэж уриалъя.

 Сумаа хөгжүүлэх их үйлсэд тань өндөр амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ