Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг иргэдэд танилцуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-07-18 14:43:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.


Хуралдааны эхэнд, Байнгын хорооны дарга С.Бямбацогт, "УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд Байнгын хороод болон ажлын багуудаас зарчмын зөрүүтэй 69 санал гарсны 60-аар нь санал хураасан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ сарын 16-нд өргөн барьсан. Уг төслийг судалж, боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай боллоо. Иймд одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын сарын 05-ныг хүртэл байхаар тогтоолын төсөл тусгасан. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм" гэлээ.



Түүнчлэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн саналыг УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нийцүүлэх боломжийг судлах, төслийг олон нийтэд таниулах, санал авах үүднээс гишүүдийг тойрогтоо ажиллах боломжийг хангах шаардлагатай байгааг онцлов. Ирэх сарын 05-наас өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг бэлтгэх ажлын баг болон ажлын дэд багүүд хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын талаарх тайлбар, үндэслэлээ боловсруулах, холбогдох судалгаа тооцоо, лавлагаа, мэдээлэл бэлтгэх чиглэлээр тасралтгүй ажиллана.



Гишүүдийн ихэнх нь УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор тогтоолын төсөлд тусгасан нь давчуу байгаа тул хугацааг сунгаж тогтоох нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.


Ингээд гишүүдийн гаргасан саналын дагуу УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын 09-нийг хүртэл тогтоохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Мөн уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Холбоотой мэдээ