"Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь" семинар эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-07-17 18:30:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судлаач, шийдвэр гаргагч хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. 


УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй тус семинарыг УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч хөтлөн явуулав. 



Семинарыг нээж УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол хэлэхдээ, “Бидний тодорхойлж байгаа шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцааг бий болгосон, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэлзүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах юм. Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Тиймээс УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг эрж хайх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна” хэмээв. Мөн тэрбээр, сүүлийн 60 жил гаруйн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-той үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн.


Семинарын анхны илтгэлийг ЮНЕСКО-гийн Судалгаа, бодлого, форсайтын секцийн эрхлэгч Жон Кроули “Тэгш бус байдлын талаарх судалгаа-төрийн бодлогын шүтэлцээ” сэдвээр, хоёр дахь илтгэлийг МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат “Монголын нийгэм дэх тэгш бус байдал-төлөв байдал, чиг хандлага” сэдвээр тавилаа.



Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид “Тэгш бус байдлын талаарх судалгаа, үзэл баримтлал, танин мэдэхүй”, “Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.


УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн сектор,  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж буй тус гурван өдрийн семинарын эхний өдөр “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд болж байна. Семинар маргааш өглөө 09.00 цагаас Төрийн ордонд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ