Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-17 13:17:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийг анх удаа НҮБ-д танилцуулав. 


Тодруулбал, Нью-Йорк хотноо энэ сарын 16-19-нд болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх илтгэлийг танилцуулав. Тэрээр илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа талаар дурдлаа. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон юм.



НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. 2015 оноос эхлэн зохион байгуулж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад эдүгээ давхардсан тоогоор158 улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан байна.



Мөн энэ сарын 16-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгч нар Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцов. Нээлтэд 5 улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс Монголын хүүхдүүдийг төлөөлж, Гёте сургуулийн 9 дүгээр ангийн сурагч У.Номуундарь дуу хоолойгоо илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ