Аймгийн Хурц арслан цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-14 22:36:09

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадам энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаангом хотноо өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харъяат, "Увс нуур" галын бөх аймгийн арслан Ц.Мөнхбаяр түрүүлж Аймгийн Хурц арслан чимэг хүртсэн бол Тэс сумын харъяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн начин Х.Мөнхжаргал үзүүрлэж Аймгийн заан цол авлаа.

Их шөвөгт Давст сумын харъяат, "Увс нуур" дэвжээний бөх, аймгийн нэмэх начин Э.Лхамхүү, Цагаанхайрхан сумын харъяат, "Увс нуур" дэвжээний бөх, сумын заан Т.Төгсжаргал нар шалгарсан бөгөөд Т.Төгсжаргал "Аймгийн харцага" цол хүртсэн юм.

Энэ үеэр "Алдартан" дэвжээний бөх, Сумын заан Б.Ганзориг, Бөхмөрөн сумын заан О.Баазардарь, Зүүнговь сумын заан Э.Билгүүн, Тэс сумын заан Д.Батмөнх нар тав даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртлээ.

Холбоотой мэдээ