Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн тасгийг "Итгэлийн танхим" ТББ тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-14 22:59:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жүжигчин, МУСТА Г.Ундармаагийн "Итгэлийн танхим" ТББ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг тохижуулахаар болжээ. Тэрээр MCS групптэй хамтран энэ удаагийн төслөө хэрэгжүүлэхээр болсон бөгөөд ажлын хэсгийнхэн тус тасгийн нөхцөл байдлын судалгааг хийсэн байна.

Яаралтай түргэн тусламжийн тасаг нь сүүлийн таван жил засвар хийгээгүй байгаа бөгөөд Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд тус ажлыг өрнүүлж байгаа аж. 

Энэхүү төсөл нь "Итгэлийн танхим" ТТБ-ын найм дахь, орон нутгийн хоёр дахь төсөл болж байгаа юм байна. Засварын ажил 2-3 сар үргэлжилнэ.

Сонирхуулахад, Жүжигчин Г.Ундармаа 2013 оноос "Итгэлийн танхим" ТББ-ыг үүсгэн байгуулан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Олон нийтийн сэтгэлд нийцсэн энэхүү ажлыг нь эрүүл мэндийн салбарынхан өндрөөр үнэлж, 2018 онд Г.Ундармааг "Эрүүл мэндийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан байна.

Холбоотой мэдээ