Эмнэлгийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас баяр наадмын өдрүүдэд үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж эмнэлгийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа.
Энэ дагуу баяр
наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-15-ныг хүртэл эрүүл мэндийн
байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, гуравдугаар
шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд
үйлчилж байгаа юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл
мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний тасаг, Шүд эрүү нүүрний
төв 10-15 цагийн хооронд ажиллана.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг
ЭМЯ-ны 11-323002, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11-320981, ХӨСҮТ-ийн
100 дугаарын утсаар хүлээн авч байна. Баяр наадмын үеэр бороо хур элбэг,
28 хэмээс дээш халж буй тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас
сэргийлэхийг анхааруулж байна.
Наадмын эхний өдөр үер усны ослын улмаас хоёр
хүн амь насаа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт
орчимд 26 настай эрэгтэй амарч зугаалж яваад усанд живж амиа алдсан бол Хан-Уул
дүүрэг Яармагийн орчимд 40 настай эрэгтэй мөн живж амь насаа алджээ.
Б.Болд