УИХ-ын дарга З.Энхболд ням гарагт Дархан-Уул аймагт ажиллав

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-04-03 21:38:48

УИХ-ын дарга З.Энхболд бямба гарагт Сэлэнгэ аймагт ажилласан бол ням гарагт тус аймгийн Ерөө сумын Хандгайтад нээгдсэн Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн “Төмөртэй-Хандгайт”-ын шинэ төмөр замын нээлтэд оролцоод Дархан-Уул аймагт ирж Дархан хотын Залуучууд театрт хотын иргэдтэй уулзалт хийлээ.

УИХ-ын даргыг тус аймагт ирэхэд аймгийн ИТХ-ын П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар угтан авч аймаг орон нутгаа танилцуулж цаг үеийн ажлын явц байдлын талаар товч мэдээлэл хийсэн юм. Залуучууд театрт болсон уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аас өнгөрсөн дөрвөн жилд баталж гаргасан хуулиудын талаар тойм мэдээлэл хийж тэдгээрээс “Эрүүгийн хууль”, “Өршөөлийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” зэрэг олон хуулиудын батлах шаардлагатай болсон нөхцөл байдал, тэдгээрийг батaлж гаргаснаар чухам ямар үр дүн гарахыг баримтаар ярилаа. Түүнчлэн 2015 оны намрын ээлжит чуулганаар бие даасан 29 хууль баталсан бол 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын 11 гэрээ конвенци батлах тухай хуулийг баталснаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр гарсан хуулиудыг онцлон танилцуулж батлагдсан эдгээр хуулиуд Монгол Улсын хөгжил, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлж байгааг яриад дараа нь иргэдийн асуултад хариулсан юм.

Уулзалтад оролцсон иргэд “Монгол Улсын эдийн засаг яагаад буурсан бэ? Сэргэх найдвар байна уу?”, “Та яагаад 76 гишүүнээ хуралдаандаа бүрэн оролцуулдаггүй юм бэ?”, “Гадаадаас яагаад дандаа зээл авч өр тавиад байгаа юм бэ?, Бид өрөндөө баригдлаа, хойч үедээ юу үлдээх вэ?”, “Энэ дөрвөн жилээс өмнө огт юу ч байхгүй байсан гэж ярих юм. "Өмнөхөө битгий үгүйсгэж яриач”, “Амьдрал сайхан байна гээд байх юм харин бид жирийн иргэд ядуурч гүйцлээ”, “Та нарын ам ажил чинь зөрөөд байна” гэх мэтээр асуулт асууж хариулт авлаа. Үдээс хойш 16 цаг өнгөрөөд эхэлсэн уулзалт бүтэн гурван цаг гаруй үргэлжилж өндөрлөв. Үүний дараа “Дархан минж” ХХК, “Эко Ноос” ХХК-иудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.  

                                                                                                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ