Дөрвөн ААН-ийн 120 кг махыг устгажээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 12:05:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт энэ сарын 11-ний байдлаар ариун цэврийн шаардлага хангаагүй 12 хуушуурын цэг болон ил задгай газар ундаа ус зарж байгаа иргэдийн ажлыг НМХГ-аас таслан зогсоов. Мөн зөвшөөрлийн бичигтэй наадмын хуушуур худалдаалж буй дөрвөн аж ахуй нэгж байгууллагын 120 гаруй кг махыг устгалаа.


Энэ талаар Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах улсын байцаагч Г. Батсүрэн мэдээллээ. Тэрбээр, “Хүй долоон худагт үйлчилгээний 160 хуушуурын цэг, 50 худалдааны цэгт зөвшөөрөл өгсөн. НМХГ-аас 38 чиглэлийн 400 гаруй байцаагч ажиллаж байгаагаас Хүй долоо худагт 21 байцаагч ажиллаж аж ахуй нэгж байгууллагад тасралтгүй хяналт тавьж байна. Хяналтын явцад хуушуур худалдаалж буй дөрвөн цэгийн 120 кг гаруй мах муудаж, өмхийрсэн байгааг илрүүлж устгалд оруулсан. Мөн худалдаа наймаа хийх зөвшөөрсөн цэгээс гадуур, шороо тоосонд ил задгай газар ундаа, ус зарж буй иргэдийн ажлыг таслан зогсоож хүний эрүүл мэндэд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлээд байна” гэв.


НМХГ-ын ажилтан, алба хаагчид Үндэсний баяр, наадмын жижүүрийн бүрэлдэхүүн гаргаж, иргэдийн аятай тухтай наадах боломж, нөхцөлийг хангахаар ажиллаж байна. 
Б. Одгэрэл
Гэрэл зургийг Н.Батбаяр 
Холбоотой мэдээ