Ө.Энхтүвшин: Наадам бол Монгол туургатны төрт ёс, өв соёлоороо бахдан цэнгэх их баяр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 10:44:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өв соёлыг наадамчин олон, гадны зочдод таниулах зорилготой, манай улсын аялал жуулчлал, эдийн засагт өгөөжтэй "Соёлын наадам-2019" Хүй долоон худагт өчигдөр болов. 


СУИС, Монголын урлагийн зөвлөл хамтран тус наадмыг 2008 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй олон хүн цуглаж, өв соёлоороо бахархахын зэрэгцээ олон жуулчдад үндэсний соёлоо сурталчилж, цэнгүүллээ.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хурсан олонд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлж, наадмыг нээж үг хэлсэн. 



Тэрбээр, "Наадам бол Монголчууд бидний төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, өв соёлоороо бахдан цэнгэх их баяр билээ. Өнө эртний түүхтэй Монгол наадмыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэсэн. Энэ бол их хүндэтгэл бөгөөд өндөр хариуцлага юм. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн биет, биет бус өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах хүндтэй үүргийг ЮНЕСКО бидэнд хүлээлгэн өгсөн. Та бүхнийг өв соёлоороо бахархан баярлахын сацуу түүнд шимтэн суралцаж, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт цагийн цагт хичээн шамдахыг уриалж байна. Энд цэнгэж наадахын зэрэгцээ Монгол уламжлалт соёл, зан заншлаа хадгалж, хамгаалах нь та бидний үүрэг.


Монгол наадам бол бидний өв соёл. Сав ертөнцөө гүн таньж зохицон амьдарсан нүүдэлчин түмний илрэл нь бидний их баяр наадам билээ. Үүний тод жишээ Хүй долоо худгийн торгон ногоон хөндийд 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Соёлын наадам” юм. Монгол наадам бол Монгол туургатны өв соёлоороо нэгдэх, зэрэгцэн оршиж байгаа бусад соёлыг ойлгох, хүндлэх, харилцан судлах индэр байх учиртай. Үүнийг санаачлан зохион байгуулагчид төдийгүй мэргэжлийн соёл урлагийн байгууллага, нийгэм, хүмүүнлэгийн салбарын идэвхитэй оролцоо, бүтээлч байдал тун чухал болохыг онцолж байна. Та бүхэн минь сайхан наадаарай” хэмээв.


“Соёлын наадам”-ын үеэр Австри улсын иргэн Мартина Хосэлбергер, Германы иргэн Мариантай ярилцлаа.



Мартина Хосэлбергер: Монголчуудын өв соёлыг мэдэрч, ойлгож чадсандаа талархалтай байна


-Монголд өмнө нь ирж байсан уу, “Соёлын наадам” танд таалагдаж байна уу?

-Монголд анх удаа ирж байна. Мөн Монгол наадмыг анх удаа үзлээ. Би бодохдоо “Соёлын наадам”-ыг жижигхэн хүрээнд болох болов уу гэж бодсон. Гэвч биеэрээ ирээд үзэхэд маш өргөн хүрээнд тэмдэглэж байна. Соёлын наадам ийм том хэмжээнд болж байхад Улаанбаатар хотод болж буй үндэсний их баяр наадам үнэхээр нүсэр, том баяр болж байгаа байх. 



-Наадмын үзүүлбэр, тоглолтыг үзээд ямар сэтгэгдэл төрөв, аль үзүүлбэр нь илүү их таалагдав?

-Соёлын наадмын үеэр Монголын соёлыг харуулсан урлагийн тоглолт их үзлээ. Тухайлбал, бид уртын дуу, үндэсний бүжиг зэргийг үзээд алмайрсан. Мөн морьтны гайхамшиг гэх үзүүлбэрийг үзсэн. Энэ үзүүлбэр нь нэг талаараа үнэхээр аюултай харагдаж түгшиж байсан. Нөгөө талаараа үнэхээр ур чадвар шаардсан нь бахархал төрүүлж байлаа. Би Монголын талаар бага зэрэг судалж байсан. Гэхдээ эндээс Монголчуудын өв соёлыг нүдээр үзэж, илүү их мэдэрч, ойлгож чадсандаа талархалтай байна. 



-Хүй долоон худгийн наадмын зохион байгуулалт яамр санагдав, жуулчдад хүндрэл байсан уу?

-Наадмын зохион байгуулалт маш сайн байна. Австри улсад яг үүнтэй адил үдэшлэг, цэнгүүн болдог. Эн зэрэгцэхүйц хэмжээний зохион байгуулалттай байна. Миний хувьд, ямар ч асуудал гарсангүй. Эко автобус, амрах газар, наадмын хуушуур, шорлог, хорхог гээд л зарж байгаа цэгүүд хангалттай байна. Мөн ариун цэврийн өрөөнүүд маш ойрхон зайнд байрлажээ. Маш олон гэрүүд байгааг хараад сэтгэл хөдөллөө. Гэрийн хийц загвар нь үнэхээр сайхан юм. Хүй долоо худаг гэх энэ газар наадамлахад үнэхээр таатай байна. Учир нь хүмүүс хэт их бөөгнөрөөгүй, талбай том байгаа нь таалагдаж байна. Миний бодлоор энэ наадам Улаанбаатар хотын иргэдэд ч улсынхаа өв соёлыг гүн танихад түлхэц болж байгаа хэмээн бодож байна.  




Мариан: Монголчууд морио хайрлаж, бахархаж байгаа нь хүндэлмээр


-Монгол наадмыг сонирхох болсон тухайгаа яриач?

-Би Монголд анх удаа наадам үзэхээр ирсэн. Аав, ээж минь 50 жилийн өмнө Монголд амьдардаг байсан. Тэд "Мах Импекс" ХХК-д ажиллаж байсан тухайгаа надад ярьж байсан. Мөн аав, ээж хоёр минь Монголчуудад их хайртай, Монголын талаар ихийг мэддэг хүмүүс байсан. Тийм ч учраас би энд Монгол наадмыг үзэхийг хүссэн. Надад хамгийн гайхалтай санагдсан зүйл нь Монголчуудын морио хайрлаж, бахархаж байгаа нь үнэхээр хачирхалтай бас хүндэлмээр санагдлаа. Морины уралдаанд морь бариандаа ороход Монголчууд омогшиж, уухайлж байгаа нь надад сэтгэгдэл төрүүлсэн.



-Наадмын зохион байгуулалтын талаар?

-Наадам нь өндөр хяналттай байгаа нь ажиглагдсан. Аливаа ажлыг зохион байгуулж буй эмх цэгцнээс тухайн улсын хөгжлийг харж болно. Монгол Улсын хөгжил сайн байна гэж би бодлоо. 



Дашрамд дурдахад наадмын өдрүүдэд үргэлжлэх Соёлын наадмын тайзнаа, Монголын соёлыг илэрхийлэхүйц дуу бүжиг, морины үзүүлбэр, хөгжмийн тоглолт , этно бүжгэн жүжиг зэрэг урлагийн тоглолт наадамчин олонд толилуулагдах юм.


Б. Одгэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ