Б.Баатархүү: Хүй долоон худагт 1400 орчим цагдаа ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 09:17:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулав. 


Тэрбээр, "Наадамчин олноо ая, тухтай наадамлах нөхцөлийг хангахаар цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна.  Баяр наадмын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй, наадам сайхан болж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоор та бүхэн анзаарч байгаа бол цөөн цагдаа харагдаж байгаа. Учир нь цагдаагийн хүчнээс гадна технологийн хүчээр хамгаалалтыг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, Төв цэнгэлдэхийн орчимд 63 камер байршуулсан. Өмнөх жилүүдэд гарсан хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийснээр хяналтын камерыг байрлуулсан. Зарим нь хөдөлгөөнтэй камер байна. Ингээд хяналтын өрөөнөөс хараад, нөхцөл байдал хүндэрсэн газарт алба хаагчдаа явуулж ажиллана. Харин Хүй долоон худагт 1400 орчим алба хаагч ажиллаж байна. Энэ жил хурдан морь дагадаг олон автомашины зөвшөөрлийг цуцалсан. Заавал дагах ёстой долоон машины зөвшөөрөл олгосон. Түрүү морьд орж ирэх үед чиглүүлэгч автомашин орж ирээд бусад автомашиныг зогсоох зэргээр аль болох эмх цэгцтэй наадахын төлөө зохион байгуулсан. Наадамчин олондоо хандан хэлэхэд, олон цугласан газарт халаасны хулгайд өртөхөөс сэрэмжлээрэй. Хэрвээ хэрэг зөрчил гарсан тохиолдолд 102 дугаарт дуудлага мэдүүлэхээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганд ажиллаж буй манай жижүүрийн бүрэлдэхүүнд биечлэн хандах хэрэгтэй. Алба хаагчид шуурхай ажиллахад бэлэн үүрэг гүйцэтгэж байна. Мөн Туул голын эрэг дагуу болон зуслангийн чиглэлд эргүүл гарсан" гэв. 

Холбоотой мэдээ