Т.Гантөмөр: Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо шинэ цэнгэлдэх хүрээлэнд хийх боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-07-11 16:43:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний Их баяр наадмаа Монгол зон олон өргөн дэлгэр тэмдэглэн, наадан цэнгэж байна.


Их баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолтын өмнөхөн Улаанбаатар хотын ерөнхий менежер, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Тохижолт засвар, хоол хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний Салбар хорооны дарга Т.Гантөмөртэй уулзаж ярилцлаа.

-Та сайхан наадаж байна уу. Энэ жилийн наадмын бэлтгэл ажил нэлээд хангагдсан гэж байгаа. Танай салбар хороо, наадамчин олон түмнээ ая тухтай наадан цэнгүүлэхэд яг ямар томоохон ажлыг хэрэгжүүлсэн бол?

-Наадамчин түмэн олон баяр наадмаа ая тухтай үзэж сонирхон сэтгэл тайван наадан цэнгэхэд наадмын тохижолт засвар, хоол хүнс, үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээнээс эхлээд тээвэр үйлчилгээ гээд орчин тойронд бүх талаар ямар нэг хүндрэл, бэрхшээлгүй байлгах нөхцлийг бүрдүүлэхээр бид хариуцлагатай ажиллаж бэлтгэлээ хангасан гэж болно. Тухайлбал, Төв цэнгэлдэхийн хувьд бид 9, 10 дугаар секцийг дээвэртэй болголоо. Мөн 1-3, 16-18 дугаар секцийн талбайд бетон тэгш талбай бүхий цэвэр үзэмжтэй болгосон.


Стандартын шаардлага хангахгүй болсон 2000 сандал суудлыг шинээр засаж солилоо. Суудлын тоог нэмэгдүүлж 4000 сандал шинээр байрлуулсан. Төв цэнгэлдэхийн эргэн тойрны бие засах газар жилийн жилд тулгамдсан асуудал байдаг. Үүнийг бид шинээр 10 био зөөврийн жорлонг шинээр байгуулснаар ийм бие засах газрыг 20 болгож нэмлээ. Үүнээс гадна төвлөрсөн шугамд холбогдсон 8 бие засах газар ажиллаж байгаа. Мөн Хүй долоон худагт наадмын бэлтгэлийг сайн хангасан. Ялангуяа соёолонгийн тоосыг үзэхээр ирсэн наадамчин олны ая тухыг хангах үүднээс тэр орчимд нэмж 30 зөөврийн бие засах газар байрлуулсан. Түүнчлэн газар доор 80 тоннын багтаамжтай 2 бохирын санг байгуулсан. Мөн 2 гүний худаг гаргасан. Ингэснээр Хүй долоон худагт байрлах 131 бие засах газрын бохирыг соруулж төв цэвэрлэх байгууламжид зөөвөрлөх ажлыг хөнгөвчилж, дээрх 2 санд бохирыг хийх боломж бүрдсэн. Энэ нь бие засах газрыг байнгын ажиллагаатай байлгаж наадамчин олны ая тухыг бүрэн хангах юм.


-Монгол наадам үзэхээр гадаадын жуулчид жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Төв цэнгэлдэхэд наадмын нээлт, хаалт үзэх жуулчдын суудал нэмэгдсэн болов уу?

-Ноднин жил 1500 орчим жуулчинд суудал гаргасан бол энэ жил 2 дахин нэмэгдэж 3000 суудалтай болголоо. Цэнгэлдэхийн нийт үзэгчдийн суудал 15-16 мянга болж нэмэгдсэнээс тавны нэг нь жуулчдад зориулсан.

-Сүүлийн жилүүдэд Цэнгэлдэх хүрээлэнгээ томруулж, шинээр барих тухай асуудал яригдсаар байна. Бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох боломж байна уу?


-Тиймээ, Хүй долоон худагт шинээр 30-40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудал ярьж байгаа. Үндэсний Их баяр наадмаа Хүй долоо худагт цэнгэлдэх хүрээлэн, морин тойруулга, сур, шагайн харвааны талбайтай  цогцоор нь байгуулан тэмдэглэх асуудал дээд түвшинд ярьж хэлэлцсэн. Улаанбаатар хотын 2020-2030 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгаж зураг төсөв, инженерийн шийдэл нь гарсан байгаа. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхэд л 100 жилийн ойгоо Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэх бүрэн боломжтой.   

Холбоотой мэдээ