Нийслэл агаар чийгшүүлж, автозам угаах зориулалтын автомашинтай боллоо

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-07-10 16:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гудамж талбайн агаарыг чийгшүүлж, зам талбайг өндөр даралтаар шүршиж усалдаг автомашинууд Улсын их баяр наадмын өмнө үйлчилгээнд гарлаа.

 

Уг машинуудыг нийслэлийн ТҮК-д хүлээлгэн өгөх үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчиныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгааг дурдаад, “Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг шүүрдэн цэвэрлэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгсөн. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Хавар, зуны хуурайшилт, тоосжилт ихтэй улиралд зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын таван ширхэг автомашин авахаар төлөвлөснөөс наадмаас өмнө хоёр автомашин ирснийг өнөөдөр бид хүлээлгэн өгч байна. Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжихээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна” гэв.


Эдгээр автомашин нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойр орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай аж. Уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй юм.

Холбоотой мэдээ