Хэвлэл борлуулагчийн Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-09 22:34:50

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Арслан Орхийн Төмөрсанаа буюу бидний нэрлэж заншсанаар сонин хэвлэл борлуулагч Павийгийн Хөдөлмөрийн алдар тэмдэглэх ёслолын ажиллагаа энэ сарын 7-нд Улаангом хотноо боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Павийгийн ах дүү хамаатан садан, найз нөхөд, аймгийн спорт хорооны төлөөлөл гэх мэт цөөнгүй хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр Павийгийн удам судар, хүүхэд нас, спортын амжилт, ажил хөдөлмөрийг нь дурсан ярилцсан сайхан үйл ажиллагаа боллоо. Хөдөлмөрийн алдар тэмдэглэх үеэр яригдсан нэг гол асуудал бол Павийг нэг өрөө байртай болгох явдал байсан юм. Тэрбээр хань ижилгүй, үр хүүхэдгүй, хөгжлийн бэрхшээлтэй, гэр хороололд айлд амьдардаг, жилийн дөрвөн улирлын турш өдөр бүр явганаар 10 гаруй км алхаж сонин хэвлэл борлуулдаг гэх мэт маш олон бэрхшээлтэй тулгардаг. Иймээс Увс нутгийнхаа ард түмний хандив дэмжлэгээр Павийд нэг өрөө байр авч өгье гэсэн санал гарч, энэ талаар холбогдох хүмүүс нь хамтарч ажиллахаар болсон юм.

Увс нутаг минь олон сайхан бөхчүүдтэй бөгөөд улсын наадмын түрүүг ээлж дараалан авсаар байна. Тэд маань ч гэсэн төрөлхийн хэлгүй, дүлий, ахмад аймгийн арслангаасаа гар татахгүй нь лавтай биз ээ.

Павийгийн Хөдөлмөрийн алдар тэмдэглэх үйл ажиллагаа өнгөрсөн 6-р сарын 16-нд төрөлх Хяргас суманд нь мөн болсон байна.

Павий нь 1943 онд Хяргас суманд төрж, бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өнгөрөөжээ. Бичиг үсгийг бие дааж сурсан бөгөөд баруун, зүүн гарынхаа аль алинаар нь чадамгүй бичиж чаддаг байна. 


Холбоотой мэдээ