Самбо бөхийн шилдгүүд Улаанбаатар хотноо “Мазаалай” ДЦАШТ-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-09 11:13:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах самбо бөхийн холимог багуудын “Mазаалай” дэлхийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 14-ны ням гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.


Анхдугаар тэмцээнд спортын самбо бөхийн эрэгтэйчүүдийн 68 кг, 74 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 56 кг, 68 кг, байлдааны самбын төрөлд 62 кг, -90 кг, +90 кг-д тус тус 9 хүний бүрэлдэхүүнтэй багууд халз өрсөлдөж шилдэг багийг тодруулна.

Тэмцээний шагналын сан 80 мянган ам доллар бөгөөд түрүүлсэн багт 30 мянга, үзүүрлэсэн багт 20 мянга,  III байрт шалгарсан 2 багт тус бүр 10 мянган ам долларын мөнгөн шагнал, цом гардуулах юм.

Тэмцээний Зохион байгуулах хорооны даргаар Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл томилогдон ажиллаж байгаа. Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ын дэд ерөнхийлөгч, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч С.Елисеев, FIAS-ын Техникийн комиссын дарга С.Табаков, Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч А.Муллаев нарын удирдах албаны төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирнэ. Тэмцээнд одоогийн байдлаар ОХУ, Беларусь, Казахстан, БНСУ, БНХАУ-ын баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ