Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд багт чиглэл өглөө

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-07-08 13:44:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд баг өнөөдөр  хуралдлаа.


УИХ-ын Төрийн байгуулалтын хороо энэ сарын 05-нд хуралдаж, УИХ-ын гишүүд болон байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй зарим саналыг нээлттэй үлдээсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын дэд басгийнханд үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 6.1.2-т заасан байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, 28.2 буюу Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх,  улс төрийн намыг чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хойшлуулсан саналуудыг ярилцаж, ажлын дэд багуудын хуралдаанаар нарийвчлан нухацтай хэлэлцэж, саналын томьёолол бэлтгэх чиглэл өглөө.


Ажлын дэд багийн дөрөв дэх удаагийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, ажлын дэд багийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал,  Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа, референт Б.Золбоо нар оролцов.


Холбоотой мэдээ