Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын 150 гаруй ажилтан зөвлөлдөв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-05 17:45:45

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Ховд аймгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны VI зөвлөгөөн” зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнд 17 сумын 260 орчим байгууллагын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын төлөөллөөс бүрдсэн 150  гаруй  хүн оролцов. 

Зөвлөгөөний хүрээнд орон нутгийн бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлагын талаар хамтран хэлэлцлээ. Мөн орон нутгийн эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил, амжилт ололтыг дүгнэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудал, эн тэргүүнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тодорхойлсон юм.

Тус зөвлөгөөний үеэр мэргэшсэн нягтлан бодогчдын салбарын үйл ажиллагаа, аудитын шинэчлэл сорилт, банкны салбарын хөгжлийн чиг хандлага болон төрийн албаны шинэчлэлийг  бүртгэл, санхүүгийн салбарт уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Улмаар салбарын ажилтнуудын санаа бодлыг сонсож,  харилцан туршлага солилцсоноороо онцлогтой.

Зөвлөгөөний үр дүнд салбарын бодлого шийдвэр, үйл ажиллагааны  ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр 10 гаруй заалт бүхий зөвлөмж гаргаж, байгууллагууд  цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал, орон нутгийн хөгжлийн стратеги, бодлого, чиг хандлагатай уялдсан санхүү, төсвийн бодлого, зохицуулалт, удирдлагын чадавхийг бэхжүүлэх, сайжруулах, тухайн жилд орон нутагт  хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг зохицуулалтаар хангах, хэрэгжилт, үр дүн, хяналтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүх шатанд бүртгэл,  санхүү, төсвийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, боловсон хүчний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын сахилга хариуцлагыг эрс сайжруулах замаар өдөр тутмын үйл ажиллагаанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд  анхаарч ажиллахаар болсон юм.






 

 

 


Холбоотой мэдээ