Суданд шилжилтийн Засгийн газар байгуулахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХАРТУМ. /TASS/. Судан улсын Цэргийн зөвлөл болон сөрөг хүчнийхэн сонгууль явуулах хүртэл улс орныг түр удирдах эрх бүхий байгууллагыг эмхлэн байгуулахаар тохиролцжээ. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг сөргөлдөгч талуудын зуучлагчид, мөн эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилсан байна.
Тэдний мэдээлснээр, талууд иргэний болон цэргийн төлөөлөгчдөөс бүрдсэн “бүрэн эрхт зөвлөл” байгуулах зөвшилцөлд хүрсэн байна. Уг зөвлөл нь дор хаяж гурван жил үйл ажиллагаа явуулах аж. Талууд мөн хараат бус Засгийн газар байгуулж, сүүлийн долоо хоногуудад болсон хүчирхийллийн үйлдлүүдийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ.
Суданы Цэргийн зөвлөл болон сөрөг хүчнийхэн хэлэлцээгээ лхагва гарагт сэргээж, улс орны ирээдүйн улс төрийн тогтолцооны асуудлуудыг хэлэлцжээ. Эрх барих байгууллагыг эмхлэн байгуулах зорилго бүхий уг яриа хэлэлцээг зохион байгуулахад Этиоп болон Африкийн холбоо зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Суданы сөрөг хүчнүүдийн эвсэл өнгөрсөн ням гарагт “Сая сая хүмүүсийн жагсаал” зохион байгуулсан юм. Жагсаалд хэдэн арван мянган хүн оролцсон байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод төрийн эрх мэдлийг нэн даруй иргэний засаглалд шилжүүлэн өгөхийг Цэргийн зөвлөлөөс шаарджээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд хэд хэдэн газарт цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон байна. Эмх замбараагүй байдлын үеэр долоон хүн амиа алдаж, 181 хүн гэмтжээ.
Энэ явдлын дараахан Суданы Цэргийн зөвлөл сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.