Европын парламентын шинэ даргыг сонгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /BBC/. Европын парламентын шинэ даргаар Италийн улс төрч,
сэтгүүлч мэргэжилтэй Давид-Мария Сассолиг сонгожээ.
Лхагва гарагт
Францын Страсбург хотноо болсон санал хураалтын үеэр 63 настай Д.Сассолигийн төлөө Европын парламентын 667 гишүүний 345 нь саналаа өгчээ. Европын парламентын
даргын албан тушаалд зүүний төвч үзэлт улс төрч Д.Сассолигоос гадна гурван хүн
нэр дэвшсэн байна.
Европын Холбооны удирдагчид байгууллагынхаа өндөр албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодруулснаас нэг
хоногийн дараа дээрх санал хураалт болжээ. Европын Комисс болон Европын Төв
банкны тэргүүний албан тушаалд түүхэндээ анх удаа эмэгтэй хүмүүсийн нэрийг
дэвшүүлсэн юм.
Европын Комиссын
тэргүүний албанд Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайены нэрийг
дэвшүүсэн бол Олон улсын валютын сангийн тэргүүн Кристина Лагардыг Европын Төв
банкны тэргүүний албанд нэр дэвшүүлсэн билээ.