Ховд аймагт ноос бэлтгэлийн ажил 70-80 хувьтай байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-03 16:49:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд хонины ноос кг тутамдаа 650-750 төгрөг, тэмээний ноос 4500-5000 төгрөгийн үнэтэй байна. 

Өнгөрсөн жил хонины ноос 3800, тэмээний ноос 15 мянган төгрөгийн үнэ ханштай  байсан бол энэ жил хонины ноосны үнэ 80 орчим хувь, тэмээний ноосны үнэ 66.7 хувь буурчээ. Учир нь өнгөрсөн онд бэлтгэсэн ноосны 70 орчим хувь нь одоогоор борлуулагдаагүй, үйлдвэрт хадгалж байгаа зэрэг шалтгааны улмаас ноосны үнэ ханш энэ онд буурсан гэж албаныхан ярилаа.

Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам” баталсан байдаг. Энэ журмын дагуу хонины ноос кг тутамд 1000, тэмээний ноос кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгодог.

Өнгөрсөн 2018 онд Ховд аймгийн хэмжээнд 400 малчин өрх 47397 кг тэмээний ноос, 2304 малчин өрх 516.8 кг хонины ноос үйлдвэрт тушаасан байна. Гэвч одоогийн байдлаар 2018 оны ноосны урамшуулал малчдад олгогдоогүй байгаа бөгөөд малчин, мал бүхий иргэд  хүлээлттэй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.  

Харин энэ онд  улсын хэмжээнд  ноосны урамшуулалд  25 тэрбум төгрөг баталсан. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд нэг  тэрбум 200 сая төгрөгийн урамшуулал олгохоор батлагджээ.  Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд ноос бэлтгэлийн ажил  70-80 хувьтай үргэлжилж байна. 




Холбоотой мэдээ